О.САЙНБАЯР: "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР АВЧИХААД ОРОН СУУЦ БАРЬЖ ЗАРААД АЛГА БОЛСОН ХҮМҮҮСЭЭ ШАЛГА Л ДАА"

Уншсан тоо: 343
Нийтлэгдсэн: 2019 оны 04 сарын 12

“Зүүнбаян Рэфайнери” компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Тус компанийн захирал О.Сайнбаяр дараахи тайлбарыг өгсөн юм.

"Энэ газрыг анх 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр 743 дугаартай гэрчилгээг БОАЖЯ-наас "Зүүнбаян Рэфайнери" компани авсан байдаг. 

Бидний хэдэн залуус 2013 оноос аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр нэлээд хэдэн газар судалсны үндсэн дээр дэд бүтэц, хотын төвөөс холгүй гээд тохиромжтой талууд байсан учраас энэ газрыг сонгож, газар эзэмшигч компанийн захирал болох С.Уламбаяр гэдэг хүнтэй танилаараа дамжуулан уулзаж, төслөө танилцуулсан. 

Ингээд биднийг дэмжсэн тул 2014 оноос төслийн ажлаа эхлүүлсэн. Газарт хөрөнгө оруулах гэж байгаа хүн мэдээж бүх зүйлийг хууль ёсны дагуу хийнэ. 

"Зүүнбаян Рэфайнери" компани төсөлтэй холбоотойгоор газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлэхээр БОАЖЯ-нд хоёр ч удаа албан бичиг явуулж, хүсэлт гаргасан ч тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрхийг шилжүүлдэггүй гэсэн тайлбар өгсөн.

Тиймээс энэхүү төслийг "Зүүнбаян Рэфайнери" компанийн нэр дээр цаашид үргэлжүүлэхээр болсон. Тиймээс С.Уламбаяр гэдэг хүн одоо манай төсөлтэй огт холбоогүй, оролцоогүй. Гэтэл үүнийг хотын даргатай холбогдуулан улс төржүүлж, аялал жуулчлалын бизнес хийх гэсэн биднийг ажлыг зогсоож, харлуулж байгаад гомдолтой байна. 

2014 оноос хойш бид хууль журмын хүрээнд шаардлагатай бүх баримт бичиг, зөвшөөрлийг дарааллынх нь дагуу аваад явж байсан. Хуулийн хүрээнд ажиллаж байсан. 

Гэтэл 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан гэсэн боловч бидэнд албан ёсоор бичиг ирээгүй, авах гэсэн боловч олдоогүй. 

Уг бичгийг хүлээж авснаар шүүхэд хандах миний эрх нээгддэг. Тиймээс би өөрөө хайж, хөөцөлдөж явж байж газрын зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг 2018 оны тавдугаар сарын 08-нд олж аваад, 5 сарын 21-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Ингээд шүүхийн шатанд явж байна.  Шүүхэд хандсанаасаа хойш бид өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй байгаа.

Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй мэт ганцхан "Зүүнбаян Рэфайнери" компани руу дайрч байгааг улс төржилт гэж ойлгож байна. 

Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой барилгын талбайд орж буй бургасыг хэрхэх талаар бид нийслэлийн Байгаль орчны газарт хандсаны дагуу үнэлгээ хийлгэж, 6891 ам метр талбайн бургасыг тооцсон хохирлыг барагдуулж, 20 орчим сая төгрөг төлсөн. 

Харин БОАЖ-ын сайд Цэрэнбатын яриад байгаа 13 тэрбум төгрөгийн хохирлыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэг ч ирээгүй байж, сансрын зургаас дүгнэж гаргасан үнэлгээ. 

Бид дүйцүүлэн тарих буюу 2 га газарт 1000 суулгац тарьсан. Цогцолбор байгуулагдсаны дараа нийт талбайн 60-70 хувь нь ногоон байгууламж байх юм. Гэтэл бургас ярьж, улстөржүүлж байгаа нь гомдолтой байна.

Өнгөрсөн жилээс эхлээд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг олон хүмүүс дагуулж ирээд, өөрөө юутай ч танилцаагүй байж, их л сүртэй зүйл ярьж байсан. Эндээс л улс төржилт гойд эхэлсэн юм. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хурлынхаа тэн хасаг цагийг "Зүүнбаян Рефайнери" компанид зориулдаг болсон. 

Би хуралд нь сууж үнэн учир байдлаа хэлэх гээд ордонд орсон ч намайг хуралд оруулаагүй. М.Оюунчимэг гишүүнийг хүлээж байгаад уулзахад: "Манай өрөөнд орж яръя" гээд: "За танайх БОАЖЯ-тайгаа хамтраад ажилла. Одоо Үндэсний Телевиз ирж байгаа. Хоёулаа хамтарч ярилцлага өгье" гэсэн. 

Манайх бүх зөвшөөрөлтэйгөө байхад яахаараа  хамтарч ажилладаг юм. Тантай хамт сууж ярилцлага өгөхгүй" гэж би хэлсэн.

Туул голоос урагш бүх газар Тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг. Энэ газар аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхийг олгож, тав таван жилээр сунгаж явдаг. 

Энэ бүсэд 1387 иргэн, ААН үйл ажиллагаа явуулж байхад яагаад зөвхөн манай компани руу дайраад байгаа юм бэ? 

Бид орон сууц, суурьшлын бүс байгуулаагүй, хуулийн дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулж байгаа. Аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьж зараад алга болж байгаа хүмүүсээ шалга л даа. 

Их тэнгэрийн аманд, төрийн тусгай хамгаалалттай газарт карказ босгосон газрыг шалга л даа. Тусгай хамгаалалттай газар нутагт олгосон тэр бүх зөвшөөрлөө цуцлаад нураавал хамаа алга, би ч гэсэн нураая. Битгий ингэж улстөржүүлээч".

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим