"ОРОН СУУЦНЫ ФОНД"-Д ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙРНУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

Уншсан тоо: 853
Нийтлэгдсэн: 2019 оны 04 сарын 22

"Нийслэлийн орон сууцны фонд"-д хэдэн байр төвлөрч хэдийг нь орон сууцны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бусад зорилтот бүлгийн иргэнд өгсөн талаар сэтгүүлч миний бие хэдэн жилийн өмнөөс л сонирхож ирсэн.

Хотын үе үеийн удирдлагууд болон тэдний удирдлаган дор ажиллаж байсан  таньдаг, таньдаггүй олон томоохон албан тушаалтнуудаас энэ талаар асууж, "Энүүхэндээ гэхэд, энэ тийм их чухал асуудал биш биз дээ. Тодорхой тооны орон сууц төвлөрсөн байдаг" гэсэн бөөрөнхий хариултыг л авч байлаа.

".....компаниас авсан .... м.кв талбайтай байрыг зорилтот бүлгийн иргэн .....д олгосон" хэмээн ил тод нээлттэй мэдээлэл өгөхүйц хэмжээнд жинхэнэ эзэддээ очоогүй болохоор тоон мэдээллийг хэлж өгөх хүн байгаагүй гэдэг нь тодорхой.

"Орон сууцны фонд"-д ямар компани хэдэн байр өгсөн, энэ байрыг хэнд олгосон талаархи мэдээллийг нийтэд ил тод болгож гаргах асуудлыг манай сайт олон удаа хөндөж байсан.

Тэгвэл өнөөдөр хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ, олон жилийн туршид хаалттай байж ирсэн энэ мэдээллийг ил тод, нээлттэй болгоно гэдгийг тодотгосон нь таатай мэдээ байлаа.

Түүний ярьж байгаагаар, "Орон сууцны фонд"-д хувийн хэвшлийнхний өгсөн байрны дийлэнхийг хэн нэгэн дарга даамал, түүний хамаатан садан, найз нөхөд авчихсан байсан бололтой.

Тэрээр:

"Нийслэл орон сууцны сан бүрдүүлнэ гээд хувийн хэвшлийнхнийг элдэв янзаар дарамталж, ил далд байр сууц авдаг. Энэ байр сууцаа ах дүү, хамаатан садан, найз нөхөд, танил талдаа өгдөг. Аж ахуйн нэгжүүдээс авсан орон сууцнууд хэдэн зуугаараа, хэдэн арваараа хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Өмчийн газар нь  нуугаад мэдээллээ гаргаж өгдөггүй, өгсөн мэдээлэл нь дутуу, хэнд орон сууц өгсөн нь ойлгомжгүй, хэлж яриад мэдээлэл авах гэхээр далд ажиллагаа явуулж гүтгэдэг, доромжилдог. Тиймээс ямар аж ахуйн нэгж хэдэн орон сууц нийслэлд өгсөн тухай мэдээллийг ил тод болгож зарлана. Өмчийн газар мэдээллээ гаргаж өгдөггүй юм бол орон сууц өгсөн аж ахуйн нэгжээс нь иргэд өөрсдөө мэдээлэл цуглуулж авдаг байя" гэж ярьсан юм.

“Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх журам”-ыг 2008 онд НИТХ-ын 30 дугаар тогтоолоор баталсан байдаг.

Уг журмын 4.1.1-д “Улсын болон нийслэлийн хөрөнгөөр хийсэн төвлөрсөн инженерийн хангамжийн эх үүсвэр, авто зам, гол болон салбар шугам сүлжээ бүхий газарт барьсан барилгын орон сууцны нийт талбайн 2 хувийг үнэ төлбөргүйгээр, 20 хувийг өөрийн өртгөөр нь тооцон "Нийслэлийн орон сууцны фонд"-д төвлөрүүлнэ. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон газар нь тус заалтад нэгэн адил хамаарна” гэж заажээ.

Уг журмын дагуу, орон сууц барьсан, барих гэж байгаа компани дэд бүтцийн хангамжийн эх үүсвэрээ хэрхэн шийдсэнээс шалтгаалан нийт орон сууцныхаа 1-2 хувийг нийслэлд үнэ төлбөргүй өгсөөр байгаа.

Компаниудын барилгын зураг төслийг баталж өгөхдөө, дээрхи 30 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахыг нийслэлийн зүгээс шаарддаг,төсөл хэрэгжүүлэгчид ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ийм журам хэрэгжиж эхлээд 10 гаруй жил болжээ.

Энэхүү журам, орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлдөг нь ч гарцаагүй. 

Ямартай ч "Орон сууцны фонд"-д хэдэн байр төвлөрч байгаа, хэдийг нь хаанахын хэнд өгсөн талаархи мэдээлэл олонд нээлттэй болох нь...

                                                                                                                                                                                                     П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол