ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТОЙМ

Уншсан тоо: 495
Нийтлэгдсэн: 2019 оны 04 сарын 26

“Тэнхлэг зууч” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн салбарын 2019 оны нэгдүгээр улирлын тоймыг бэлтгэн хүргэж байна. 

  • Монгол Улс 2017 оны 6-р сараас ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсанаар ипотекийн зээлийг Засгийн Газарт шилжүүлж авах үүргийг хүлээсэн юм. Өмнө нь Монголбанк мөнгө хэвлэж, энэ хөтөлбөрийг санхүүжүүлдэг байв.
  • Ипотекийн зээлийн санхүүжилтийг шилжүүлэх бэлтгэлийг 2018 онд хийж дуусгаад 2019 оноос Засгийн Газар бүрэн хариуцна гэж яригдаж байсан ч 3 их наяд төгрөгийн асуудал яригдаж шийдэлд хүрч чадаагүй.
  • Сүүлийн 2 жилд Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлж, купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг улсын төсвөөс гаргахын зэрэгцээ арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээл олгож байна. 
  • 2019 онд Засгийн Газрын эх үүсвэрээр 120 тэрбум, эргэн төлөлтийн 200 тэрбум, нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлд төсөвлөсөн. Энэхүү санхүүжилтээр арилжааны банкууд сард дунджаар 300-400 иргэний зээлийг шийдэх боломжтой.
  • Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх гарцыг холбогдох байгууллагууд удаан хугацаанд судалсны дүнд улсын төсвөөс олгож байгаа санхүүжилт болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлд олгогдож байгаа эх үүсвэр нь 4 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад очиж байсныг 1 хувь болгохоор болов.                                                                                                    ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ                                                                                     
                                         
  • Энэ оны нэгдүгээр сард 13 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 241 иргэнд ипотекийн зээл олгосон бол хоёрдугаар сард 96 иргэнд 6.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.
  • 2018 оны нэгдүгээр сард 17 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол ийнхүү энэ оны нэгдүгээр сард 13 тэрбум, өнгөрсөн оны хоёрдугаар сард 12 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 6,1 тэрбум болж тус тус буурчээ.
  • "Арилжааны банкууд зээлийн хүсэлт хүлээж авахгүй байна" гэсэн иргэдийн гомдлын дагуу банкуудаас тодруулахад, "Санхүүжилтийн хэмжээ багассан учраас зээлийн хүсэлтийн дараалал үүсч шинээр хүсэлт авахаа зогсоосон. Өмнө ирсэн хүсэлтүүдээ шийдсэний дараа шинээр авна" гэх хариултыг дийлэнхи банк эхний гурван сард өгч байв.
  • Засгийн Газраас банкуудад олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн 4 хувийн хүүг 1 хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх гаргасны дагуу хөтөлбөрийн эх үүсвэр болон үнэт цаасжуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, схемийг бүрэн шинэчлэх ажлыг Монголбанк бэлэн болгосон байна.
  • Энэ хүрээнд Монголбанк 2019 оны 2 дугаар сарын 20-нд Засгийн Газартай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, Засгийн Газраас 2019 оны эхний 4 сард олгох ёстой байсан 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сарын 9-ний өдөр Монголбанкинд шилжүүлжээ.
  • 2019 оны 4 дүгээр сард 67 тэрбум төгрөгийн ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтийг нийт 955 иргэнд олголоо. 
  • 2019 оны эхний 4 сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 63.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 885 иргэнд, Засгийн Газрын эх үүсвэрээс 25.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 431 иргэнд, арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс 25.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 323 иргэнд тус тус олгосноор санхүүжилтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн байна. 
  • Цаашид дээрхи 3 төрлийн эх үүсвэрээс 2019 оны 5 дугаар сард 56 тэрбум төгрөгийг, 6 дугаар сараас эхлэн он дуустал сар бүр 36 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгоно.
  • 2019 онд Монголбанкнаас 200-220 тэрбум, Засгийн Газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээс тус бүр 115 тэрбум төгрөгийг ипотекийн 8 хувийн зээлд олгосноор 2019 онд нийт 430 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөж байна. Ингэснээр 2019 онд шинээр олгох ипотекийн зээлийн хэмжээ 2018 онтой харьцуулахад 120 тэрбум төгрөг буюу 40 орчим хувиар нэмэгдэнэ.
                                                              ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнгөрөгч 3-р сард манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Тус улсаас манай улсад олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Буянт-Ухаа орчимд “Солонго-1”, “Солонго-2”, Баянголын аманд орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Ерөнхий Сайд нар тохирсон юм.
  • 2018 оноос хойш Солонгосын "Экзим" банкнаас 5 удаагийн албан ёсны уулзалт хийсэн бөгөөд манай талаас БНСУ-ын талд 7 төсөл санал болгосноос Баянголын аманд баригдах хороолол, "Солонго-1", "Солонго-2" зэрэг гурван төслийг дэмжихээ илэрхийлсэн байна. Эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7056 айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.
  • БНСУ-аас 30 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл авч байгаа учраас үүнийг зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулсан төсөл хөтөлбөрт зориулах нь зүйтэй гэж үзэн түрээсийн орон сууцны хорооллууд барихад зарцуулахаар болжээ.
  • БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 1008 айлын орон сууцны "Ногоон нуур" хорооллын ажлыг энэ хавар эхлүүлнэ гэж 3-р сард болж өнгөрсөн Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр БХБ-ын сайд Х. Баделхан хэлсэн нь сонирхож хүлээж аваад байхаар шинэ мэдээ биш. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны 6-р сард Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууцны "Ногоон нуур" цогцолбор хорооллын шавыг тавьж байв. Тэр үед Ж.Эрдэнэбат Ерөнхий Сайдын, Г.Мөнхбаяр БХБ-ын сайдын албыг хашиж байлаа. 
  • Тухайн үед Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болж, энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэж байсан юм. Түүнээс хойш засаг төрөө сольж, бие биенээ огцруулж, нэг ёсондоо хийх биш дүр эсгэх байдалтайгаар хоёр жилийг үдсэн байна.
  • “Ногоон нуур төслийн хүрээнд эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль баригдана. Цаашид 1,57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барина” гэж төлөвлөсөн талаараа албаныхан тухайн үед ярьж байсан. Орон сууц баригдангуут газраа байраар солих хүсэлтэй айл өрхүүдийг шууд оруулах, зарим орон сууцыг хямд өртөгтэйгээр худалдахаар төлөвлөж байв. 

                                                    ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

  • Манай улсын хувьд, 2015-2021 оны хооронд “Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулах Засгийн Газрын тогтоол 2015 онд гарсан ч одоогийн байдлаар өмнөх Засгийн Газруудын үед баригдаж ашиглалтанд орсон 1512 айлын түрээсийн орон сууц л байна.
  • 2019 онд 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах бөгөөд үүний 972 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт хэрэгжих төлөвлөгөөтэй.
  • "Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцны дотор заслын ажил хийгдэж байгаа, ирэх 5-р сарын 1 гэхэд ашиглалтанд орно. Энэхүү 972 айлын орон сууц болон 4 аймагт баригдаж байгаа 600 гаруй айлын орон сууцны хэдийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдийг борлуулах талаар Засгийн Газрын гишүүдээс санал авч байгаа бөгөөд ойрын үед Засгийн Газрын хуралдаанд оруулна.
  • Өөрөөр хэлбэл, дээрхи орон сууцнуудын хэдэн хувийг түрээслүүлэх, хэдэн хувийг борлуулах нь удахгүй  тодорхой болж, 5 дугаар сарын эхээр "Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцыг ашиглалтанд хүлээн аваад, үүний дараа холбогдох журмын талаархи мэдээллийг иргэдэд хүргэх юм.
  • Одоогийн хэрэгжиж байгаа журамд тусгасны дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, амьжиргааны баталгаажих түвшнээс доош орлоготой өрх толгойлсон эцэг эх, 0-18 насны дөрвөн хүүхэдтэй эцэг эх гэх мэт бүлгүүдэд тодорхой тооны квот олгох зарчмаар хэрэгжүүлэхээр тооцоолж байна.
  • Түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд: 1.Түрээсийн гэрээгээр 5 жил хүртэлхи хугацаагаар амьдрах 2.Түрээслээд түрээсийн төлбөр дээрээ тодорхой хэмжээний мөнгө нэмж төлөөд ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд уг зээлд хамрагдаж тухайн орон сууцаа өмчлөх, 3.Түрээсийн 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна тухайн орон сууцны үнийг тав хувааж төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлж авах.
  • “Түрээсийн орон сууцыг өмчлөх тухай журам” гарснаар одоо хэрэгжиж байгаа зөвхөн түрээслэх хувилбар дээр нэмээд өөр хоёр хувилбараар түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж, орон сууцаа өмчлөх боломжтой боллоо.
  • Түрээсийн орон сууцны төлбөр Улаанбаатар хотод метр.кв нь 6000 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байна.
  • Цаашдаа "Буянт-Ухаа-2" хорооллоос гадна "Солонго-1", "Солонго-2" хороолол, Баянголын аманд баригдах орон сууцны хорооллын тодорхой хэсгийг түрээсийн орон сууцны санд шилжүүлэх бөгөөд эдгээр хорооллыг барих санхүүжилтийг БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдэхээр болоод байна.

                                                               ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

  • 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн "Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээл"-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг өнгөрөгч 3-р сард УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
  • Төслийг "Уур амьсгалын ногоон сан"-гийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.
  • Мөн Азийн Хөгжлийн Банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон "Дэвшилтэт Технологийн Сан"-гийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлнэ.
  • Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү 0.25, зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл юм.
  • Төслийн хүрээнд нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10000 айлын орон сууц барина.
  • 10000 айлын орон сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байна. Харин үлдсэн 3000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдана.
  • Эко хорооллуудыг бий болгох энэхүү ажил нь газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ. Төлөвлөж буй эко хорооллын нутаг дэвсгэрт газар өмчилдөг эзэмшдэг иргэн нь гэр горооллын хашаа, байшингаас шинэ орон сууцанд шилжин суурьших хөтөлбөрт хамрагдах эсэхээ өөрөө сонгох юм.
  • Орлогод нийцсэн орон сууцны нэг м.кв-ын үнэ хэдэн төгрөг байх нь анхаарал татаж байсан. Саяхан Буянт-Ухаа цогцолбор орчимд шавыг нь тавьсан 768 айлын орон сууцны м.кв-ын үнийг 1.350.000 төгрөгөөр тогтоосон байна.

                               АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

  • Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын ахлах байцаагчийн 4 удаагийн шийдвэрээр иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон юм.
  • Эдгээр хуучин орон сууцанд 6321 өрхийн 21.500 гаруй иргэн амьдарч байна.
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагаа нь иргэдийн санал дээр тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд сууц өмчлөгчдийн 80 хувь нь төслийг дэмжсэнээр хэрэгжих боломжтой байдаг.
  • Иргэдийн саналыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 14 удаагийн захирамжаар 6 дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 145 барилгыг буулган, дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан.
  • Одоогийн байдлаар 77 барилга нь төсөл хэрэгжүүлэгчтэй болж, иргэдтэйгээ гурван талт гэрээгээ байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан 77 барилгаас 531 айлын 27 орон сууцны барилгыг буулгаж шинээр орон сууц барьж байна. 
  • Төслийн хүрээнд 2014 оноос хойш 890 айлын найман орон сууцны барилга ашиглалтанд оржээ.
  • Төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан ч байршил, хүн амын нягтралаас хамаараад төсөл хэрэгжүүлэгч компани орж ирдэггүй 58 байршил байна.
  • Тухайн байршлууд дахь орон сууц нь зайлшгүй дахин шинээр баригдах шаардлага үүссэн учраас улсын төсвийн хөрөнгөөр шийдэх саналыг нийслэлийн зүгээс Засгийн Газар, салбарын яаманд тавьсны дүнд төсөл хэрэгжүүлэгч сонирхдоггүй байршлуудын хуучин орон сууцыг төсвийн хөрөнгөөр шинэчлэхээр болсон.  Одоогийн байдлаар төсөв нь хараахан батлагдаагүй байна.

                                                               ДЭД БҮТЦИЙН ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  • Төвлөрсөн шугамд холбогдох боломжгүй буюу гэр хорооллын дундын бүсийн айл өрхүүдийн орчныг сайжруулахын тулд хэсэгчилсэн инженерийн байгууламжтай дэд бүтцээр хангах шийдэл гаргасан.
  • Уг төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7-р хороо буюу Телевизид нийслэлийн хөрөнгөөр, Сүхбаатар дүүргийн 18-р хороонд БХБЯ-ны хөрөнгөөр “Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм.
  • Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг нийслэлийн төсвөөс гаргаж, айлуудын хашаа руу шугамыг оруулж өгсөн байна.
  • Нийслэлийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7-р хороонд баригдаж байгаа энэхүү "Дэд бүтцийн төв" 5 гудамжны 200 гаруй хашааны 285 айл өрхийг дэд бүтцээр хангах бөгөөд одоогийн байдлаар дулаанд холбогдсон, цэвэр ус болон бусад холболтуудаа хийж, автозам, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг 5-р сард дуусгахаар ажиллаж байна.
  • Төсөл хэрэгжсэнээс хойш 27 айл шинээр байшин барьсан, 100 гаруй айл хувиараа болон "Цэвэр агаар" сангийн шугамаар байшингаа засварласан, орон сууцанд орох хүсэлтэй байсан иргэд уг төсөлд хамрагдаж өөрийн гэсэн эдлэн газартай, тохьтой орчинд амьдрах сонирхолтой болсон зэргээр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.
  • Тухайн орчныг  “жишиг” хотхон болгох зорилготой бөгөөд авто зам, явган хүний, дугуйн зам, гэрэлтүүлэг, камержуулалт гээд тохижилтын ажлуудыг нь давхар шийдэж, ирэх тавдугаар сард  хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй.
  • "Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай. 
  • Төсөлд хамрагдсан 285 айлыг халуун ус, дулаан, бохирт холбох ажлуудыг хийж байна. Төсөлд хамрагдсан бүх айл, өрх рүү шугам оруулах зардлыг НЗДТГ-аас шийдсэн. Харин айл, өрхүүдийн хувьд өөрсдөө ванн, душ, 00 суултуур, паар зэргээ шийдэх ёстой. 
  • Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа 99,9 хувийн цэвэршүүлсэн саарал усаар жижиг хэмжээний цөөрөм хийхээр тооцоолжээ.
  • Нийслэлийн хувьд 2019 оны төсөвт 20 тэрбум төгрөгийг суулгаж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хоёр “Дэд бүтцийн төв”-ийг барихаар төлөвлөсөн.
  • Нэг “Дэд бүтцийн төв” барихад ойролцоогоор 10 орчим тэрбум төгрөгийн зардал гарах бөгөөд 2020 он гэхэд 50 ширхэг "Дэд бүтцийн төв" барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.
  • Жишиг болох эхний хоёр "Дэд бүтцийн төв"-ийг нийслэл, БХБЯ-ны хөрөнгөөр байгуулахаар төлөвлөсөн бол дараа дараагийнхийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт юм уу, зээл тусламжаар барьж байгуулна гэсэн үг.
  • Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын гэр хорооллыг 3 бүсэд хуваасан бөгөөд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах, дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээ буюу дэд бүтцийн төв байгуулах, алслагдсан гэр хорооллуудад нар, салхины сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашиглах юм.

                                                                        ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан.
  • Эдгээр 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг юм.
  • Бүтээн байгуулалтын ажил хийгдээгүйн улмаас 2016 онд 6, 2018 онд 7 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж 4 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, дахин 11 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлажээ.
  • Төслийн хүрээнд 2013 оноос хойш нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтанд оруулаад байна.
  • Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 89.968 айлын орон сууцны 961 барилга баригдахаар төлөвлөгдсөн байна. Эдгээр орон сууц ашиглалтанд орсноор гэр хорооллын айл өрхийн 41,5 хувь нь орон сууцанд орох боломжтой юм.
  • Дэд бүтцэд зориулах санхүүжилт дутмаг, 2016 оноос хойш манайд нүүрлээд буй эдийн засгийн хямралаас болоод барилгын компаниуд банкнаас хөнгөлөлттэй зээл авч чадахаа байсан, аж ахуйн нэгжүүд дахин төлөвлөлтийн төсөл рүү орох сонирхолгүй байгаа, ипотекийн зээл олголт саарсан зэрэг хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөгөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл зогсонги байдалд ороод байна.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад цахилгаан, цэвэр, бохир усны шугам татах, зам тавих зэргээр дэд бүтцийг нь шийдэхэд 170 орчим сая долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ.
  • Гэр хороололд дэд бүтэц шийдэх хөрөнгийг БНХАУ-аас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаас гаргахаар Ж.Эрдэнэбатын Засгийн Газар хотын удирдлагуудтай тохирч байв.
  • БНХАУ-ын тал манай улсад буцалтгүй тусламж өгнө гэдгээ 2017 оны 05-р сард илэрхийлж байсан ч өнөөг хүртэл мөнгө нь орж ирээгүй байгаа аж.
  • Ямартай ч гэр хорооллын дэд бүтцэд зориулж нийслэлийн энэ оны төсөвт 20 тэрбум төгрөг тусгасан бөгөөд дэд бүтцийн асуудлаас болоод ажил нь эхлэхгүй байгаа аж ахуйн нэгжийн байршилд зарцуулахаар төлөвлөжээ.

                                                   ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ?      

                       
СЭЗИС-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн,  СЭЗИС-ийн Хамтын Ажиллагаа Бизнес Хөгжлийн Хүрээлэнгийн захирал, Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Батжаргал
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, тэр дундаа орон сууцны зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Ерөнхийдөө олон давхар орон сууцны хувьд бараг ханасан байхаа гэж бодож байна. Одоо ямар эрэлт байна вэ гэвэл, хотын захын гэр хороолол, хөдөө орон нутгийн суурин газар, бүр цаашлаад малчдын өвөлжөө, хаваржааг хямд төсөр стандартын шаардлага хангасан материалаар бие даасан цахилгааны хангамж, усны хангамжтай орон сууц барих боломж байна. Хотод олон давхар барилга шавааралдуулж барьж түгжрээ үүсгэснээс хотын зах, чөлөөтэй бүс нутагт хямд орон сууцнууд барих хэрэгтэй байна. Одоо ОО-ийн шийдэл гараад ирсэн байна, саарал, бор усаа ашиглах шийдэл гараад ирсэн байна. Бие даасан халаалт байх хэрэгтэй болж байна. Сэргээгдэх эрчим хүчээ хүчдэлийг нь өндөрсгөөд, паркетан шал дэвсээд, тэр нь  халдаг халаалтын шийдэл гараад ирсэн байна. Манай сургуулийн гарааны компани яг ийм төсөл хийгээд хөдөө орон нутагт хэрэгжүүлж эхэлж байна. Хөдөө орон нутагт шинэ бүтээгдэхүүн болгож, үл хөдлөх хөрөнгийн ийм хэлбэрийг бий болгооч ээ,  лизингийн хэлбэрээр байх юм бол бүр сайн гэсэн саналыг Хаан банкныханд тавиад байна. Ингэсэн тохиолдолд хөдөө орон нутгаас хотод ирж суралцан мэргэжил эзэмшсэн залуус төгсөөд Улаанбаатарт бөөгнөөд байхгүйгээр нутагтаа очиж тухтай орон сууцанд амьдарна шүү дээ. Бэлэн технологийн шийдэл нь байна. Иймэрхүү боломжуудыг арилжааны банкныхан соргогоор олж харж, хөрөнгийн зуучлал хийдэг байгууллагуудаар дамжуулан захиалга аваад лизингийн хэлбэрээр уг орон сууцыг иргэдэд худалдаалах боломж байна. Цахилгаан хэрэгсэл, машин лизингээр худалдаж болоод байхад түүнээс ч баталгаатай нь орон сууц шүү дээ. Амьжиргаандаа ашиглах хүнсний ногоогоо тариалах талбайтай, эндээ өөрсдийн ашигласан саарал, бор усаа хэрэглэж болно. 
Айлууд дундаа нэг гүний худаг гаргаад  хэрэглээндээ хамтран ашиглана гэсэн үг. Энэ саналыг би Хаан банкны орон нутгийн салбаруудад тавиад байгаа. Хотын банкууд болохоор том том хорооллуудыг сонирхоод байгаа юм. 
Энэ нь түгжрэл үүсгэж, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжуудад маш их ачаалал нэмж байна. Нэг ёсондоо үл хөдлөх хөрөнгийг үнэ цэнэгүй болгож байна гэсэн үг.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт санасанд хүртэл явахгүй байна? Яг юун дээр гацаж байх шиг байна вэ?
-Цэвэр зохион байгуулалт, хамтран ажиллах, хүчээ нэгтгэх асуудал дутаад байна. Мэдээж, технологийн стандартаа барих хэрэгтэй. Тэр нь хамгийн зардал өндөртэй байх хэрэгтэй. Төвлөрсөн иж бүрэн цэвэрлэх байгууламж, дулаан, цахилгааныг бие даасан хэлбэр рүү оруулахгүй юм бол инженерийн шугам сүлжээгээ барих гэхээр газар чөлөөлөх гэж бөөн хэрүүл тэмцэл болоод байна.
-Орон сууц хэрэгцээтэй ч урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэд олон байна. Иргэдийг орон сууцжуулах ямар гарц байна вэ?
-Эрэлт байгаа ч авах чадвартай хүн алга. Тийм болохоор л би орон сууцны лизинг гэж яриад байгаа юм. Ахуйн хэрэглээний барааг лизингээр худалдаж болоод байна үү дээ. Орон сууцны лизингийг  аймаг, сум руу хандуулвал хотод ирж сургууль төгсчихөөд энд шигдэж үлдчих гээд байгаа нөхдүүд тийшээ явна шүү дээ. Тэгж байж тэнд хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл хөгжинө. Ийм асуудлыг төр засаг нь шийдэж чаддаггүй юм бол арилжааны томоохон банкууд шийдвэрээ гаргаад хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн ажилтан албан хаагчдаа хямд үнээр, боломжийн нөхцлөөр орон сууцжуулаад байвал нэлээд нэмэр болно доо?
-Нэмэр бололгүй яахав. Манай сургууль гэхэд л сургуулийнхаа хашаанд 28 айлын орон сууц барьсан. Би ч гэсэн өөрөө тэндээ амьдардаг. 2010 онд моргейжийн зээл гэж байдаггүй байхад бид анх эхлүүлсэн. Багш, ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгтэй, бага сургуультай, одоо бүрэн дунд сургууль болгох гэж байна. Багш ажилчдын нийгмийн асуудал сургуулийнхаа хашаанаас гарахгүй шийдэгдэж байгаа юм. Байгууллага нь банкинд баталгаа гаргаж өгч, тогтвортой удаан ажиллах хүмүүстээ орон сууцанд оруулах замаар шийдээд явах боломжтой.
-Гадны орнууд түрээсийн орон сууцны зах зээлээ их хөгжүүлсэн байдаг юм байна. Манайх ч түрээсэлж байгаад өмчлүүлдэг болно гэж байна. Журам дүрэм гарч болно. Иргэд нь түрээс, түрээсийн байраа өмчилж авахад зориулж мөнгө төлөхийн тулд ажилтай орлоготой байх хэрэгтэй. Ажлын байр нэмэгдүүлэх асуудал давхар явахгүй байх шиг?
-Түрээсийн орон сууцыг өмчлүүлэхгүй л бол эзний сэтгэлээр хандахгүй, хуучин үеийн ажилчдын дотуур байр шиг юм болно. Сая журамд өөрчлөлт оруулж өмчлүүлэхээр болсон гэж байна. Энэ нь зөв л дөө. Байршил, нийгмийн хангамж, зам харилцаагаа харгалзан, түрээсэлж байгаад өмчилж авах боломжтой орон сууцнууд олныг барих хэрэгтэй. Хүний хэрэгцээ сонирхлыг харж удирдахгүй юм л даа. Ер нь бүх зохион байгуулалт бол хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг удирдах шүү дээ. Хэрэгцээг нь судалж, түүнийг баяжуулж, хөтөлж удирдах хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Ажилгүй хүмүүс, энэ дотроо мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэдийг ажлын байраар хангах хэлбэрээр гарааны бизнес болгож хамтарсан төслийн хэлбэрээр хийх боломж бүрэн дүүрэн байдаг юм байна. Үүнийг дэмжих сангийн хөрөнгө ч их байдаг юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг дэмжих маш их боломж байдаг  ч эзнээ олж очдоггүй болохоор бухимдал үүсээд байна. Миний хувьд олон аймгаар явлаа. Байдал газар дээрээ яг л ийм байна. НХХЯ-тай хамтран хийх асар их ажил байна. Манай эрх барьж байгаа хүмүүс бодож байгаа л байлгүй дээ. Ажил эрхлэлтийг дэмжих, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг цогц бодлогоор хийсний дүнд орон нутаг хөгжих юм бол хотын асуудал нимгэрээд явчихна. Өлөн зэлмэндүү амьдарч байгаа хүн хагас зэрлэгдүү болдог гэдэг. Манайд ажиглагдаад байна. Ганцхан өнөөдөр ч бий болсон асуудал биш.

                                                                                        

                                                                                       ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

                                               Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ орон сууцны төсөл 3-р сарын байдлаар...

               

                                                              

                                                      Шинэ орон сууцны дундаж үнэ ханш 1 улирлын байдлаар...

                       
               
                                           

                                                           

                                                          Хуучин орон сууцны дундаж үнэ 1-р улирлын байдлаар

                                                                     

                                                            Амины орон сууцны үнэ ханш 1-р улирлын байдлаар...  

                                                                

                                                     Орон сууцны түрээсийн дундаж үнэ 1-р улирлын байдлаар...

                                                            

                                                         Хашаа байшингийн дундаж үнэ 1-р улирлын байдлаар...

                                               

                                                                   

                                                           Газрын дундаж үнэ 1-р улирлын байдлаар...

                                           

                                          

                                                Оффисын худалдах болон түрээсийн дундаж үнэ 1-р улирлын байдлаар...

                             


                                                                                                          Эх сурвалж: Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим