Д.БАТЖАРГАЛ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, МАШИНЫГ ЛИЗИНГЭЭР ХУДАЛДАЖ БОЛООД БАЙХАД ОРОН СУУЦ ТҮҮНЭЭС Ч БАТАЛГААТАЙ ШҮҮ ДЭЭ

Уншсан тоо: 545
Нийтлэгдсэн: 2019 оны 05 сарын 07

СЭЗИС-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн, СЭЗИС-ийн Хамтын Ажиллагаа Бизнес Хөгжлийн Хүрээлэнгийн захирал, Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа. 

-Сайн байна уу? Та сүүлийн үед орон нутгаар их явж байна. Ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд судалгаа хийж явна уу? 

-Сайн. Сайн байна уу? Орон нутгаар их явж байгаа. Өвөл зунгүй явж байна. Албан конторт сууж болсон. Танхимд суулгаад цээжлүүлж, буцаагаад шалгадаг муур, хулганы тоглоом шиг л юм болж байна. Боловсролын тогтолцоо ийм л байгаад байна. Тиймээс сургалтыг үйлдвэрлэлтэй, амьдралтай хослуулах, хөдөө орон нутагт амьдардаг, мэргэжилтэй ч ажилгүй байгаа хүмүүсийг бүтээн байгуулалтад татан оролцуулах зорилгоор манай СЭЗИС дэргэдээ Хамтын Ажиллагаа Бизнес Хөгжлийн Инновацийн гарааны компанийг байгуулсан. Танхимд суудаг хүмүүс бүтээн байгуулалт дээр очиж мэдлэгээ баталгаажуулах боломжтой. Бүр цаашлаад хуучны хөдөлмөр зусланг сэргээхээр анхны туршилт хийж эхэлж байна. Орон нутгийн хөгжлөөс гадна хүнийг зөв, тулхтай хөгжүүлэх, боловсрол, мэргэжил, мэдлэгийг олгох зэрэг цогц өөрчлөлт л дөө. Энэ цогц өөрчлөлтийг улсын хэмжээнд хийж болдоггүй юм бол яагаад сум орон нутгийн хэмжээнд хийж болдоггүй юм гээд  эдийн засгийн коридор зам дагуу яваад дэмжлэг аваад эхэлж байна. Миний хувьд Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Архангай, Завхан, Увс аймгаар явж ажиллаж байна. Эдгээр газруудад ядаж зам нь байна. Дээр нь хойд урд хөрштэйгөө хэрхэн харьцах вэ, эдийн засгийн коридорыг Монголд хэрхэн ашигтайгаар зөв хийх вэ гэдэг чухал. Хятад, Монгол, Оросын хоорондох эдийн засгийн коридор гэдэг нь Монголоор дамжуулан Сибирийн баялгаар Хятадын олон хүний хэрэгцээг хангахад л чиглэгдэж байна. Монгол яах вэ? Дайран өнгөрч байгаа зүйлсийг тоолоод зогсож байх юм уу, замаа ашиглуулсны төлбөр гэж жаахан юм авдаг байх. Ийм л байдалтай болчихсон байна.

-Аймаг, сум хөгжиж байж Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудал нимгэрч, төвлөрөл саарах нь тодорхой. Орон нутаг руу чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлмээр санагдаж байна вэ?

-Ажилгүй хүмүүс, энэ дотроо мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэдийг ажлын байраар хангах хэлбэрээр, гарааны бизнес болгоод хамтарсан төслийн хэлбэрээр хийх боломж бүрэн дүүрэн байдаг юм байна. Үүнийг дэмжих сангийн хөрөнгө ч их байдаг юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг дэмжих маш их боломж байдаг  ч эзнээ олж очдоггүй болохоор бухимдал үүсээд байна. Миний хувьд олон аймгаар явлаа. Газар дээрээ байдал яг ийм л байна. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран хийх асар их ажил байна. Манай эрх барьж байгаа хүмүүс бодож байгаа  байлгүй дээ. Ажил эрхлэлтийг дэмжих, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг ажлуудыг цогц бодлогоор хийсний дүнд орон нутаг хөгжих юм бол Улаанбаатар хотын асуудал нимгэрээд явчихна. Өлөн зэлмэндүү амьдарч байгаа хүн хагас зэрлэгдүү болдог гэдэг. Манайд ажиглагдаад байна. Ганцхан өнөөдөр ч бий болсон асуудал биш.

-Орон нутагт ажлын байр бий болгож, тохилог орон сууцанд амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм бол залуус заавал хотод шигдээд байхгүй болов уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ерөнхийдөө олон давхар орон сууцны хувьд бараг ханасан байхаа гэж бодож байна. Одоо ямар эрэлт байна вэ гэвэл, хотын захын гэр хороолол, хөдөө орон нутгийн суурин газар, бүр цаашлаад малчдын өвөлжөө, хаваржаанд хямд төсөр стандартын материалаар бие даасан цахилгааны хангамж, усны хангамжтай орон сууц барих боломж байна. Хотод олон давхар барилга шавааралдуулан барьж түгжрээ үүсгэх биш хотын зах, чөлөөтэй бүс нутагт хямд орон сууцнууд барих хэрэгтэй байна. Одоо ОО-ийн шийдэл гараад ирсэн байна, саарал, бор усаа ашиглах шийдэл гараад ирсэн байна. Бие даасан халаалт байх хэрэгтэй болж байна. Сэргээгдэх эрчим хүчээ хүчдэлийг нь өндөрсгөөд, шалнаасаа халаадаг халаалтын шийдэл гараад ирсэн байна. Манай сургуулийн гарааны компани яг ийм төсөл хийгээд хөдөө орон нутагт хэрэгжүүлж эхэлж байна. "Хөдөө орон нутагт шинэ бүтээгдэхүүн болгож, үл хөдлөх хөрөнгийн ийм хэлбэрийг бий болгооч ээ, лизингийн хэлбэрээр байх юм бол бүр сайн" гэсэн саналыг Хаан банкныханд тавиад байна. Ингэсэн тохиолдолд хөдөө орон нутгаас хотод суралцаж мэргэжил эзэмшсэн залуус төгсөөд  хотод шавааралдаад байхгүйгээр нутагтаа очиж тухтай орон сууцанд амьдарна шүү дээ... Бэлэн технологийн шийдэл нь байна. Иймэрхүү боломжуудыг арилжааны банкныхан соргогоор олж харж, хөрөнгийн зуучлал хийдэг байгууллагуудаар дамжуулан захиалга аваад лизингийн хэлбэрээр уг орон сууцыг иргэдэд худалдаалах боломж байна. Цахилгаан хэрэгсэл, машин лизингээр авч болоод байхад түүнээс ч баталгаатай нь орон сууц шүү дээ. Амьжиргаандаа ашиглах хүнсний ногоогоо тариалах талбай гаргаад өгөхөд оршин суугчид өөрсдийн ашигласан саарал, бор усаа хэрэглэж болно. Айлууд дундаа нэг гүний худаг гаргаад хамтран хэрэглээндээ ашиглана гэсэн үг. Энэ саналыг би Хаан банкны орон нутгийн салбаруудад тавиад байгаа. Хотын банкууд бол том том хорооллуудыг сонирхоод байгаа юм. Энэ нь түгжрэл үүсгэж, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжуудад маш их ачаалал нэмж байна. Нэг ёсондоо үл хөдлөх хөрөнгийг үнэ цэнэгүй болгож байна гэсэн үг.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт санасанд хүртэл явахгүй байна. Ярих төлөвлөх нэг хэрэг, хийж хэрэгжүүлэх шатанд саад бэрхшээл их л байгаа бололтой...

-Цэвэр зохион байгуулалт, хамтран ажиллах, хүчээ нэгтгэх асуудал дутаад байна. Мэдээж, технологийн стандартаа барих хэрэгтэй. Тэр нь хамгийн зардал өндөртэй байх хэрэгтэй. Төвлөрсөн иж бүрэн цэвэрлэх байгууламж, дулаан, цахилгааныг бие даасан хэлбэр рүү оруулахгүй юм бол инженерийн шугам сүлжээгээ барих гэхээр газар чөлөөлөх гэж бөөн хэрүүл тэмцэл болоод байна.

-Орон сууц хэрэгцээтэй ч урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэд олон байна. Иргэдийг, ялангуяа зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах ямар арга зам байна вэ?

-Эрэлт байгаа ч орон сууц худалдаад авах чадвартай хүн алга. Тийм болохоор л би орон сууцны лизинг гэж яриад байгаа юм. Ахуйн хэрэглээний барааг лизингээр худалдаж болоод байна шүү дээ. Орон сууцны лизингийг  аймаг, сум руу хандуулвал хотод ирж сургууль төгсчихөөд энд шигдэж үлдчих гээд байгаа нөхдүүд тийшээ явна шүү дээ. Тэгж байж тэнд хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл хөгжинө. Ийм асуудлыг төр засаг нь шийдэж чаддаггүй юм бол арилжааны томоохон банкууд шийдвэрээ гаргаад хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн ажилтан албан хаагчдаа хямд үнээр боломжийн нөхцлөөр орон сууцжуулаад байвал нэлээд нэмэр болно доо...

-Нэмэр бололгүй яахав. Манай сургууль гэхэд л сургуулийнхаа хашаанд 28 айлын орон сууц барьсан. Би ч өөрөө тэндээ амьдардаг. 2010 онд моргейжийн зээл гэж байдаггүй байхад бид анх эхлүүлсэн. Багш, ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгтэй, бага сургуультай, одоо бүрэн дунд сургууль болгох гэж байна. Багш ажилчдын нийгмийн асуудал сургуулийнхаа хашаанаас гарахгүй шийдэгдэж байгаа юм. Байгууллага нь банкинд баталгаа гаргаж өгч, тогтвортой удаан ажиллах хүмүүсээ орон сууцанд оруулах замаар шийдээд явах боломжтой.

-Гадны орнууд түрээсийн орон сууцны зах зээлээ их хөгжүүлсэн байдаг юм байна. Манайх ч түрээсэлж байгаад өмчилж авдаг болгоно гэж байна. Журам дүрэм гарч болно. Иргэд түрээс, дээр нь нэмээд түрээсийн байраа өмчилж авахад зориулж сар бүр мөнгө төлөхийн тулд ажилтай орлоготой байх хэрэгтэй. Ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг давхар шийдэхгүй л бол бахь байдгаараа байх шинжтэй...

-Түрээсийн орон сууцыг өмчлүүлэхгүй л бол эзний сэтгэлээр хандахгүй, хуучин үеийн ажилчдын дотуур байр шиг юм болно. Сая журамд өөрчлөлт оруулж өмчлүүлэхээр болсон гэж байна. Энэ нь зөв л дөө. Байршил, нийгмийн хангамж, зам харилцаагаа харгалзан, түрээсэлж байгаад өмчилж авах боломжтой орон сууцнууд олныг барих хэрэгтэй. Хүний хэрэгцээ сонирхлыг харж удирдахгүй юм л даа. Ер нь бүх зохион байгуулалт бол хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг удирдах шүү дээ. Хэрэгцээг нь судалж, түүнийг баяжуулж, хөтөлж удирдах хэрэгтэй байна гэж хэлмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа. Таны хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажилд амжилт хүсэе.

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад сайн сайхныг хүсэн ерөөе.

                                                                                                                                                                                  Ярилцсан П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим