Х.БАДЕЛХАН: 30 ОРЧИМ МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА

Уншсан тоо: 387
Нийтлэгдсэн: 2019 оны 05 сарын 21

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар "Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделханы мэдээллийг сонслоо. 

Манай улсад 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127 мянга буюу 66.3 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 62 мянга нь боловсролын салбарт, 20 гаруй мянга нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад байгаа аж.

Төрийн албан хаагчид дунджаар 60-70 ам.метр талбайтай, м.кв нь 1.2 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авах сонирхолтой байна гэж сайд мэдээллээ. 

Мөн судалгаагаар 20 гаруй мянган төрийн албан хаагч орон сууц түрээслэн амьдрах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн 1512 орон сууцны сан бүрдүүлсэн бөгөөд тэрхүү орон сууцны 25 хувь буюу 325 орон сууцанд төрийн албан хаагчид амьдарч байгааг сайд мэдээлэлдээ дурдсан. 

Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт 570 айлын, нийслэл хотод 972 айлын, нийтдээ 1542 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна гэлээ. 

Засгийн Газраас эдгээр орон сууцыг түрээсээр олгохоор шийдвэрлэсэн нөхцөлд 414 айлын орон сууцыг төрийн албан хаагчид олгох боломж бүрдэх аж. 

Мөн БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Баянголын ам болон Буянт-Ухаа орчимд "Солонго-1”, "Солонго-2” хорооллуудыг дэд бүтцийн хамт барьж байгуулах бөгөөд энэ хөрөнгөөр ашиглалтанд орох 7000 гаруй айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглаж боломж бий болно. Үүнээс 750 айлын орон сууцыг төрийн албан хаагчдад олгоно гэлээ.

Мөн БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцыг барьж, ашиглалтанд оруулан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийг түр суурьшуулах зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.

Засгийн Газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан байна. Уг журам батлагдсанаар иргэд өөрсдийн түрээслэн амьдарч буй орон сууцыг өмчилж авах боломж бүрдэж байгаа юм.

Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээс хойш нийтдээ 69 мянган зээлдэгч 3.3 их наяд төгрөгийн зээл авснаас боловсролын салбарын 9.1 мянга, эрүүл мэндийн салбарын 4.2 мянга, бусад төрийн байгууллагуудын 16.8 мянган албан хаагч орон сууцтай болсон байна.

Улаанбаатар хотод 100 мянган айлын, орон нутагт 50 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг БХБЯ-наас боловсруулан Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буй бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавиад байна гэж сайд мэдээллээ.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 иргэнд 114 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үед 708 иргэнд 54 тэрбум төгрөгийн зээл олгож байсныг бодоход зээл олголт нэмэгдсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдэж байгаа гэж тэрбээр тайлбарлаж байлаа.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцэж буй асуудлыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Эдийн засгийн, байнгын хороо, Өргөдлийн байнгын хороотой хамтран байгуулж, УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөлд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол