НУРСУЛТАН ХОТ - ЕРТӨНЦИЙН ХОТ

Уншсан тоо: 380
Нийтлэгдсэн: 2019 оны 05 сарын 30

Казахстан улсын нийслэл Нурсултан хот. 

Энэ гайхамшигтай хот өмнө нь "Астана" нэртэй байсан бол хоёр сарын өмнөөс ийнхүү Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын нэрээр нэрлэгдэх болсон билээ.

1997 онд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улсынхаа нийслэлийг Алма-Ата хотоос нүүлгэж, хойд зүгийн хүйтэн Акмола хот руу шилжүүлэх шийдвэр гаргахад олон нийт цочирдож "шок"-нд орж байжээ. 

Дэд бүтэц сайтай, олон улсад нэр хүндтэй, гайхамшигтай баян бүрд болох Алма-Атагаас нүүнэ гэж байхгүй, энэ санаа хэзээ ч бүтэхгүй гэж дийлэнхи хүмүүс үзэж байсан байна.

Ерөнхийлөгч Назарбаев бэрхшээл, саад тотгорыг үл хайхран, өөрийн байр суурин дээр бат зогсож Засгийн Газар, Парламентын гишүүд болон ард иргэддээ өөрийн зорилгоо итгүүлж чадсан байна.

Ингээд Акмола хотын нэрийг Астана  хэмээн өөрчилжээ. 

Н.Назарбаев: "Нийслэлээ нүүлгэх болсон хамгийн гол шалтгаан гэвэл дөнгөж үүсэн байгуулагдсан залуу улс оронд агуу том зорилго хэрэгтэй байсан. Түүхээ шинээр, гэхдээ шинэ хуудаснаас бус харин шинэ мөрнөөс эхлэхийг бид хүссэн юм. Ард иргэдэд цочрол өгөх ер бусын этгээд шийдэл, тархийг нь угаах төсөл хэрэгтэй болсон" хэмээн ярьж байв.

Орчин үеийн архитектурын янз бүрийн шийдэлтэй, Ази болон Европ дүр төрхийг хослуулсан Нурсултан хот үнэхээр гайхмаар, биширмээр...


Хуучнаар Астана одоогийн Нурсултан хот дэлхийн хамгийн гоё нийслэл хэмээн өргөмжлөгдөж, ЮНЕСКО-гийн медаль, "Энх тайвны хот" хүндэт цол, мөн дэлхийн олон орны шагнал хүртжээ.

Хотын иргэд хотдоо хайртай төдийгүй улам сайхан болгохын төлөө гар хумхилгүй ажилласаар байна. Хэдхэн жилийн дотор хээр талд сүндэрлэсэн энэ хотын бүтээн байгуулалтад тус улсын 71 хот, барилгын 432 компани гар бие оролцож, 135 завод барилгын материалыг үйлдвэрлэж байлаа.

Түүнчлэн Турк, Итали, Франц, Швейцарийн компаниуд ч оролцсон байна. Байгаль орчинд хоргүй, орчин үеийн технологи,  орон зайг чөлөөтэй ашиглах зэрэг архитектурын гол чиглэлийг Кишо Курокава, Норман Фостер нарын алдартай уран барималчид баримтлан ажилласан байна.

Тэд дэлхийн архитектурын эерэг болон сөрөг туршлагыг харгалзан үзсэн учраас Астана хотыг үлгэрийн юм шиг гоё, амьдрах тав тухыг бүрэн хангахаар барьж чаджээ. 

Хээр талын жижигхэн хот ийнхүү Казахстаны Ерөнхийлөгчийн хүсэл зориг, Японы уран барималчийн төсөөллөөр  гайхамшиг болон хувирсан билээ.


Энэхүү хотыг хөгжүүлэх төсөл 2030 онд дуусах ёстой  ч өнөөгийн Нурсултан хотыг “Хээр талын Дубай” хэмээн нэрлэдэг болжээ.

810 км.кв талбайг эзлэн орших Нурсултан хотод 1 сая гаруй хүн аж төрж байгаа бөгөөд Японы Кишё Күрокава, Английн Норман Фостер зэрэг алдарт архитекторуудын шийдлээр орчин үеийн хот болон хөгжсөөр байна. 

Цэлгэр сайхан өргөн чөлөө, өвөрмөц орд харш,  усан оргилуур, орчин үеийн оффис, орон сууц, сүм хийдийн барилгууд,  ур ухаан шингээж бүтээсэн хөшөө дурсгалууд..

Энэ бүхэн ердөө 10 гаруйхан жилийн дотор бүтээн байгуулагдсан байдаг. 

Казахууд Нурсултан хотдоо дэлхийн уран баримлын гайхамшгийг өөрийн ард түмний уламжлалтай  хослуулсан байна.

Нийслэл хотын 1 сая гаруй иргэд бүгд орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч байгаа, түгжрэлгүй, ногоон байгууламж бүхий ая тухтай цэвэр орчинтой, оршин суугчдынхаа тав тухтай байдлыг дээдэлсэн ийм сайхан хотыг цогцлоож чадсан ерөнхийлөгч асан Назарбаевын нэрийг мөнхжүүлэхээс өөр яах билээ.

Ард иргэдэд цочрол өгөх ер бусын этгээд шийдэл, тархийг нь угаах төсөл хэрэгтэй гэдгийг  Казакстан улсын ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев анзаарч, жижигхэн тосгоныг дэлхийн хот болгож чадсан. 

Энэ сайхан хотод оршин суугч иргэд нь аз жаргалтай, сэтгэл хангалуун, уур бухимдалгүй амьдрахаас өөр яах билээ.  Казахууд хийж бүтээж чаддаг, гавьяа байгуулсан нэгнийгээ урамшуулж, биширч чаддаг ард түмэн гэдэг нь харагдаж байна.

...Тэгвэл НАЙРСАГ УЛААНБААТАР, АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР хэмээх уриа лоозонгоос хэтрэхгүй байгаа нийслэл Улаанбаатар маань утаа, түгжрэл, агаар хөрсний бохирдол, эмх цэгцгүй төлөвлөлт, ядуу зүдүү амьдралтай иргэд... гээд л болж бүтэхгүй зүйлээр дүүрэн болсон нь үе үеийн төр засгийн удирдлагууд, хотын дарга нар эх орноо гэх элгэмсэг сэтгэлгүйгээр улс орноо удирдсаар  ирсэнтэй холбоотой. 

Төр засгийн тэргүүн нь алсын хараатай% зөв менежментээр удирдаж, түмэн олон нь ажилч хөдөлмөрч, эх орноо, эх нутгаа гэсэн сэтгэлтэй байхад хөгжил ирнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын яриад байгаа Майдар эко хотыг барьж байгуулах, хотын төвлөрлийг сааруулах, томоохон цогцолборуудыг барих зэрэг нь маргахын аргагүй зөв шийдэл. 

Ямартай ч түүний санаачлагаар 2600 хүртэл үзэгчийн суудалтай "Мөсөн өргөө"-ний барилгын ажил  Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Шинэ Яармаг хороололд эхэлж, “Майдар эко хот” төслийн талбайд 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффис бүхий орчин үеийн стандартад нийцэх Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавиад байна.

Түүнчлэн "Мөсөн Өргөө"орчимд 50 метрын урттай усан бассейн, 10 мянган хүний суудалтай стандарт хангасан хөлбөмбөгийн талбай баригдахаар төлөвлөгдөөд байна.

Энэ мэтчилэн санаж сэдсэн ажлуудаа зоригтой эхлүүлж, алсын хараатай, зангарагтайгаар  удирдаж чадвал улс орноо, тэр дундаа нийслэл хотоо Нурсултан хот шиг болгож чаддаггүй юм аа гэхэд хүн амьдрахад аюулгүй, стрессгүй, ядууралгүй болгож дөнгөмөөр санагдах юм. 

Ард иргэд, оршин суугчид ч хотын иргэний үүргээ ухамсарлаж, өөрсдийнх нь сайн сайхны төлөө гаргаж байгаа дүрэм журмыг дагаж мөрдөн, дор бүрнээ чаддаг ажлаа хийж, эх орны, нийслэлийн өнгө төрхийг өөрчилж, өөрсдийн амьдралаа өөд татах сэтгэл зүрхтэй баймаар байна.

Назарбаеваар удирдуулсан Казахстан улс байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Норвегийн "Баялгийн сан"-гийн жишгээр ажилласан. Ингэснээр дэлхийн зах зээл дээрхи нефть, уран, байгалийн хийн том тоглогч болж, улсынхаа ард иргэдийг орлоготой, ажилтай болгожээ.

Монгол улс 10 гаруй жилийн туршид "баялгийн сантай болно, болохгүй" гэж маргалдаж суух хооронд Казахстан улс  ард иргэдээ ядууралгүй, амгалан тайван амьдралтай болгож чадлаа.  

Харин Улаанбаатар амьдрахад аюултай, ард иргэд уур бухимдалтай, нэг үгээр хэлбэл АЗ ЖАРГАЛГҮЙ хот болсоор. Үүнийгээ дагаад гэмт хэрэг, муу муухай бүхэн цэцэглэж байна. 

Эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ, Засгийн Газрын гишүүд, Хотын удирдлагуудаа...

                                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим