НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН 3,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН ГАЗРУУД НЬ ТҮЛШ БОРЛУУЛДАГ ЦЭГ БОЛЖ ХУВИРАХ НЬ...

Уншсан тоо: 349
Нийтлэгдсэн: 2019 оны 06 сарын 07

2017 оны 6-р сард буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед иргэдэд таатай сонсогдохуйц шийдвэрүүдийг төр засаг, нийслэлийн зүгээс гаргаж байсны нэг нь Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид  газраа нийслэлийн газрын санд шилжүүлж, орон сууцны урьдчилгаа 30 хувиа "Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гаас гаргуулж авах тухай журам байв.

Тухайн үед хотын даргаар ажиллаж байсан С.Батболд:

“Газраа барьцаалаад ипотекийн зээлийн урьдчилгаагаа төлүүлж, орон сууцанд орсон иргэн урьдчилгаагаа төлчихөөд газраа буцаан авч болно.  Гэхдээ иргэдийн газрыг худалдан авах чиглэлийг хотын зүгээс илүү баримтлах бөгөөд ингэснээр нийслэлийн газрын сан нэмэгдэнэ гэж үзсэн. Иргэдээс худалдан авах газруудад хотын захиргааны зүгээс сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг барьж байгуулахаар төлөвлөөд байна. Миний газар орон сууцны урьдчилгаанаас илүү үнэтэй гэж үзсэн тохиолдолд хотын захиргаа зөрүү мөнгийг нь төлөөд худалдаж авах юм" гэж тайлбарлаж байлаа. 

Гэвч газрыг барьцаалж авах биш шууд худалдан авсан юм.

Журамд зааснаар агаарын чанарын 1, 2-р бүсэд амьдарч буй 0.04 га-гаас дээш газартай иргэд 70 м.кв хүртэлхи талбайтай орон сууцыг сонгож, "Гэр Хорооллыг Хөгжүүлэх Сан"-гаас байрны урьдчилгаа төлбөрөө гаргуулж, ипотекийн зээлд хамрагдах ёстой.

Гэр хорооллын тэр дундаа агаарын чанарын 1, 2-р бүсэд оршин суугч иргэдэд дээрхи журам ихэд таалагдаж хариуцсан агентлагт олноороо хандаж байв.

Түүнээс хойш хэдэн айл өрх газраа нийслэлд шилжүүлж орон сууцанд орж байгаа талаархи товч мэдээллүүдийг  манай сайт олон нийтэд хүргэж байсан. 

Нэг дор биш энд тэнд, уулын орой, гуу жалганд нэг нэг айлын газар түүж авчихаад яаж газрын сан бүрдүүлж,  сургууль, цэцэрлэг барих гэж байгаа юм бэ? гэсэн асуудлыг ч хөндөж олон нийтлэл бичсэн. С.Батболд даргад ч энэ асуултыг олонтоо тавьсан.

Эргэн сануулахад, энэхүү хөтөлбөрт хамрагдахаар 2017-2018 онд 205 иргэн  материалаа өгснөөс банкны шаардлага хангасан, байраа сонгосон 107 иргэнд орон сууцны урьдчилгаа 30 хувийг нь олгосон. Нэг иргэний байрны урьдчилгаанд зориулж 30-42 сая төгрөг гаргасан гэж холбогдох албан тушаалтнууд ярьж байсан. 

2017 онд  1.6 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг 53 иргэнд олгож, орон сууцанд оруулсан бол 2018  онд 1.8 орчим тэрбум төгрөгийг 54 иргэнд олгосон байна. 

Өөрөөр хэлбэл 3,4 тэрбум төгрөгийг 107 иргэнд орон сууцны урьдчилгаа болгон өгч оронд нь журамд заасан, заагаагүй байршилд шаардлага хангах, хангахгүй 6,4 га газрыг "Нийслэлийн Газрын сан"-д шилжүүлэн авсан гэсэн үг.

Хотын дарга асан С.Батболдын гаргасан энэхүү журмыг хэрэгжүүлэхдээ түүний багт ажиллаж байсан албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөж, энд тэнд, шаардлага хангахгүй газар авч нийслэлийн газрын сан бүрдүүлсэн нэртэй явж ирснийг  Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан хатуухан шүүмжиллээ.

"Нэг дор ядаж 3-5 айлын газар авахгүйгээр, энд тэнд уулын орой, гуу жалганд болсон болоогүй ганц ганц газар авч юу бүтээн байгуулах гэж байгаа юм бэ, танил талынхаа газрыг байршил харгалзахгүй аваад байна уу" гэж асуугаад ад болж байсан сэтгүүлч миний хардлага, таамаглал оргүй байгаагүй л юм байна.

Одоогийн Орон Сууцны дэд Бүтцийн Газар тухайн үеийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газар иргэдийн хүсэлтийг хүлээн авч мэдээллээр хангах, Нийслэлийн Гэр хорооллыг Хөгжүүлэх Сангийн удирдах хорооныхон энэ асуудлыг шийдэх байдлаар ажиллаж байсан.

Агаарын бохирдлыг бууруулах, орон сууцжуулах чиглэлээр гаргасан тушаал шийдвэрийг дунд, доод шатныхан хэрхэн завхруулж, үр дүнгүй болгож орхидгийн наад захын жишээ энэ юм. 

3,4 тэрбум төгрөгөөр худалдаж авсан 107 хашаанд нь  “Тавантолгой түлш” компани утаагүй түлш зарах юм гэнэ. 

Иргэдээс газар аваад сан бүрдүүлж, дэд бүтцийг нь шийдээд буцаагаад эргэлтэд оруулна гэж байсан С.Батболд даргын зорилгын утга учрыг түүний багийнхан бүрмөсөн алдагдуулав бололтой.

Нэг дарга сайд гарч ирж  тушаал, журам гаргадаг, нөгөөхийг нь доод албан тушаалтнууд нь өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн, улсын хөрөнгө идэж уухдаа ашигладаг байдлаар явсаар ирсэн нь улс, нийслэл хөгжих биш бүр уруудахын гол үндэс болж байна.

Агаарын чанарын 1, 2-р бүсийн оршин суугч өрхүүдээс газрыг нь худалдан авч орон сууцны урьдчилгаа төлбөрийг "Нийслэлийн Гэр Хорооллыг Хөгжүүлэх Сан"-гаас олгох энэхүү журам цааш хэрэгжихгүй бололтой. 

Уг нь өөрсдийн эрх ашигт нийцүүлээд явчихалгүй, зөвөөр хэрэгжүүлсэн бол урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй гэр хорооллын иргэд газраа орон сууцны урьдчилгаагаар сольж, газрын санд төвлөрсөн газруудыг улсаас дэд бүтэцжүүлээд эргэлтэд оруулаад явбал яндангийн тоо бодитойгоор буурахад нэлээд дөхөм болох байлаа.

                                                                                                                                                                                          П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим