"МАК" ГРУПП ЕВРО СТАНДАРТЫН ХААЛГА, ЦОНХ, ШИЛНИЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

МАК групп Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй Европ стандартыг хангасан цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэр байгуулж нээлтээ хийлээ.
Уг үйлдвэрийг байгуулахад нийт 9.6 сая ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд МАК компани өөрийн хөрөнгөөр уг үйлдвэрээ байгуулсан байна.
7000 м.кв талбай бүхий уг үйлдвэр модон цонх, хаалга үйлдвэрлэх хэсэг, шил боловсруулах, хөнгөн цагаан, фасад үйлдвэрлэх хэсгээс тус тус бүрдэнэ.
-Модны хэсэгтээ ОХУ-ын Сибирээс авч ирсэн хамгийн дээд зэрэглэлийн модыг өөрийн машинд оруулан боловсруулж, дээд зэргийн чанартай, Евро стандартын цонх, хаалга үйлдвэрлэж байна. Тоног төхөөрөмж, технологийн сонголт хийхдээ Германы тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ.
-Шил боловсруулах хэсэг дээр Австрийн Лисе компанийн бүрэн автомат тоног төхөөрөмжийг сонгосон байна. Автомат төхөөрөмж дээр шилийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ загвараар зүсээд, бүрэн автомат шугамаар аргонжуулж битүүмжилнэ. Хүний оролцоо байхгүйгээр автомат машин бүгдийг нь хийдэг учраас шилээр дулаан алдана гэж үгүй. Дээрээс нь шил, цонх хийхдээ дан энгийн шилээр хийх биш, нэг талдаа дулаан алдалт багатай шил, нөгөө талдаа энгийн шил гэх мэт хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж бүтээгдэхүүнээ хийж байгаа аж.
-Хөнгөн цагааны хэсэгтээ Германы Шуко брэндийн тоног төхөөрөмжийг сонгосон байна. Цоож, нугас гээд бүх тоноглол Шукогоос шууд нийлүүлэгддэг аж.
Хүчин чадлын хувьд модон цонхны үйлдвэрлэлийн хэсэг жилд 6000 м.кв цонх, хаалга үйлдвэрлэнэ. Шил боловсруулах болон хөнгөн цагаан үйлдвэрлэх хэсэг жилд 30.000 метр квадрат цонх, хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай.
Үйлдвэрлэлд хүний оролцоо бага, бүрэн автомат буюу компьютероор бүхнийг удирдана. Гаднын ямар нэгэн хүчин зүйл, хүний үйл ажиллагаанаас болж үйлдвэрлэлд алдаа гарахгүй.
Сайн чанарын барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэн хямд үнээр борлуулснаар барилгын компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүнээ гаднаас авахаа больж, барилга орон сууцны үнэ буурах сайн талтай юм.
МАК-ИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.НЯМТАЙШИР:
-Монгол Улс өнөөдөр барилгын материалынхаа 50 орчим хувийг гаднаас авч байна. Иймд барилгын материалын худалдан авалтад зориулагдсан, гадаад валютын урсгалыг багасган эх орондоо өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодлого, зорилтыг МАК тавьж ажилладгийн хувьд Евро стандартын цонх, хаалганы үйлдвэрээ нээж байгаад баяртай байна. Евро стандартын цонх, хаалга, шилэн фасад нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд эерэг нөлөөтэйгөөс гадна дулаан, дуу тусгаарлагч сайтай, зүсэлтийн өндөр нарийвчлалтай зэрэг олон давуу талтай учир зах зээлийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцнэ. Хамгийн сүүлийн үеийн өндөр автоматжуулалт бүхий тоног төхөөрөмжөөр жилдээ 30 мянган м.кв хаалга, цонх, шилэн фасад үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Бүтээгдэхүүн манай орны байгалийн эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон угсарч, суурилуулалтын цаг хугацааг хэмнэсэн Евро стандартын шаардлагыг хангасан хийц, загварын өргөн сонголттой гэдгээрээ онцлог. Цаашид эрх орныхоо эрдэс, түүхий эдийг ашиглаж барилгын интерьер, гоёл чимэглэлийн хавтан үйлдвэрлэх зэрэг 2-3 жижиг үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр зорилтоо бид тодорхойлсон. МАК-чуудын үйлдвэрлэсэн хаалга үүдээр үргэлж эрч хүч, энерги, баяр баясгалан орж, МАК-чуудын үйлдвэрлэсэн цонхоор мөнхөд гэрэл гэгээ цацарч байхын ерөөлийг дэвшүүлье.
МАК-ИЙН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ П.ТЭМҮҮЛЭН:
-Хамгийн сайн чанарын модыг Сибирээс авчирч боловсруулан дээд зэргийн чанартай Евро стандартын цонх, хаалгыг бид үйлдвэрлэнэ. Монголчууд модон цонхыг гаждаг, хэрэглээний явцад гацах асуудал тулгардаг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл энэ ойлголтыг халж байгальтайгаа ойртох модон цонх, хаалгыг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээр үйлдвэрээ нээж байна. Автомат төхөөрөмж нь шилийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ, дүрсийн дагуу зүсч бүрэн автомат шугамаар боловсруулж битүүмжилдэг. Манай бүтээгдэхүүнүүд зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулагдана.
Нийт 100 гаруй ажлын байр шинээр бий болгосон тус үйлдвэр 24 цагаар үйл ажиллагаа явуулах юм байна.
Үйлдвэрийн хөрөнгийг таван жилийн хугацаанд нөхөхөөр төлөвлөжээ. Үйлдвэрийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа ч томоохон төслүүдийн захиалга хэдийнээ орж иржээ.
МАК үйлдвэрийн үйл ажиллагаагаа улам тэлж ирэх жилээс агааржуулалтын хоолой, цаашдаа паркетин шал болон тавилга үйлдвэрлэх юм.
Онцлох төслүүд
Нарт хороолол
Баянзүрх дүүрэг, 14 хороолол
ParkVilla
Баянзүрх дүүрэг
Эрин хороолол
Баянгол дүүрэг, 1 хороолол
VIP residence
Хан-Уул дүүрэг, Яармаг
Баганат хороолол
Баянзүрх дүүрэг, 16 хороолол
Нарны хороолол V-р ээлж
Баянгол дүүрэг, Дунд гол