ДЭЛХИЙН СТАНДАРТ ОРУУЛЖ ИРЖ ЧАДСАН "ЭРЭЛ" ГРУППЫГ ТӨР БАС Л АВНА ГЭВ ҮҮ?

Уншсан тоо: 909
Нийтлэгдсэн: 2019 оны 06 сарын 19

"Төр яагаад 200 мянган айлын орон сууцыг зах зээлийн ханшаас 30-40 хувийн хямдаар барьж болохгүй гэж"...Энэ үгийг ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжээд 30-аад жил болж байна. Үндэсний томоохон компаниуд, бизнесменүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид улс орноо авч явж, харин төр засаг нь сонгуулиас сонгуулийн хооронд ард иргэдийг хөлдөө чирж, хууль эрх зүйн орчныг тогтворгүй байдалд оруулан, гадны хөрөнгө оруулагчдыг үргээхээс өөр дорвитой ажил хийдэггүй.

У.Хүрэлсүхийн Засгийн Газрын гал тогоог барьж буй Л.Оюун-Эрдэнийн хэлснээр бол төр удахгүй баахан орон сууц барих бололтой.

Төр орон сууц бариагүй биш барьсан. Буянт-Ухаа -1,2 хорооллууд болон зарим аймагт төрийн санхүүжилтээр барьсан эхний ээлжийн орон сууцнууд тухайн үедээ хөөсрөлтийн байдалтай байсан байрны үнийг буулгахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн.

Гэхдээ төр маш муу менежер гэдэг нь яваандаа харагдаж Төрийн Орон Сууцны Корпораци 300 гаруй тэрбум төгрөгийн өрөнд орсон.

Одоо ашиглалтанд орж буй "Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцны м.кв-ын үнэ 1.460.000 орчим төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэх нь. 

Тэгвэл яг адилхан байршилд баригдсан, ижилхэн стандарт зэрэглэлийн орон сууцны м.кв-ын үнэ  "Буянт-Ухаа-2" хорооллын одоо ашиглалтанд орж буй байрнаас хямдхан байна.

Төрийн зүгээс, ард иргэдээ байнгын ажил, орлоготой болгох, ипотекийн зээлийн  хүртээмжийг нэмэгдүүлэх, түрээсийн орон сууцны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэх зэрэг бодлогын ажлуудаа хийхгүйгээр хувийн хэвшлийнхний томоохон үйлдвэрүүдийг төрд авч тэдний эхлүүлсэн ажлаар шоудах бодолтой байх юм.

"Эрэл"-ийг төрд авах талаар Л.Оюун-Эрдэнэ сүүлийн өдрүүдэд яриад эхэлж...

Улаанбаатар хотын барилга байгууламжийн 80 хувийг бүтээн  байгуулсан “Байшин Үйлдвэрлэх Комбинат”-ийг 1994 онд “Эрэл” групп  дуудлагаар худалдаж авсан байдаг. 

Сүүлийн жилүүдэд ХБНГУ-ын сүүлийн үеийн технологиор үйлдвэрээ шинэчлэн 2017 оны 12-р сард ашиглалтанд оруулсан.

“Хэрэв хоосон газар өгвөл 1000 айлын орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, засаг захиргааны барилгатай нь цогцоор шийдэж барина. Тэнд 16-18 хувь нь барилгажиж, 80 гаруй хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөнө. Ингээд гэр хорооллын 1000 айлд орон сууцаа санал болгоод тэдгээр иргэдийн чөлөөлсөн газар дээр дахиад орон сууцны хороолол барих замаар гэр хорооллыг орон сууцжуулж болно. Бодитой ажлыг  иргэд дэмжинэ. Харин яриад л байвал хэдэн ч жил ярьсан хэвээр, өнөөгийн нөхцөл байдал улам л дордоно” гэж Б.Эрдэнэбат захирал ярьж байсан

Үйлдвэр нь барилга барих хугацааг жилээр биш сараар, өдрөөр хэмжих боломж бүрдүүлсэн учраас тэрээр ийм бардам ярьж байгаа бололтой.

100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барина гэхээр, цаг хугацааг хэмнэж орон сууцны хорооллыг богино хугацаанд ашиглалтанд оруулан гэр хорооллын айлуудыг оруулах боломжтой.

Гэтэл Хөгжлийн Банкнаас авсан зээлийнх нь эргэн төлөлтийн график алдагдалтай гэх шалтгаанаар энэ үйлдвэрийг төрд авахаар санаархаж эхэлсэн байна. 

"Манайх зээлээ төлж байгаа шүү дээ" гэж Б.Эрдэнэбат захирал хэлнэ лээ. "Эрэл" группын хувьд 99,5 тэрбум төгрөгийн зээлийг 2026 оны 12-р сард төлсөн байх ёстой.

Стратегийн ач холбогдолтой, дэлхийн стандартыг эдийн засаг амаргүй үед оруулж ирж байгаа учраас зээлийн график бага зэрэг эвдэгдэх тал байгааг овжноор ашиглаж байгаа бололтой. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-“Эрэл” компанийн хувьд эргэн төлөлтийнх нь график эвдэгдсэн компанийн нэг бол мөн.  Гэхдээ зээлийн ерөнхий зорилго муу биш. Томоохон хэмжээний дэлхийн стандартыг оруулж ирээд блок үйлдвэрлэх, угсрах хэмжээний үйлдвэр барихаар зээл авсан. Тиймээс энэ нь стратегийн хувьд ач холбогдолтой эсэх дүгнэлт гаргаад хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл Хөгжлийн Банкны зээлийг эргэн төлөх замаар төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулах асуудал яригдана. Аль эсвэл хугацааг нь сунгаад төлөлтөө хийх нь зүйтэй гэсэн хоёр хувилбар яригдаж байна" гэж ярьсан. 

Тэгвэл өнгөрсөн жил "Эрэл" группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын ярьж байсныг эргэн сануулъя.


"Эрэл" группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат:

“Хоосон газар олгоод дэд бүтцийг шийдээд өгөх юм бол 6 сарын хугацаанд 1000 айлын орон сууцны хорооллыг иж бүрнээр нь барина. Иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, ингэхийн тулд хурдан хугацаанд барилга барьдаг технологийг ашиглах нь гэр хорооллыг орон сууцжуулахад гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ технологиор баригдсан орон сууцны м.кв-ын үнэ 1,2 сая төгрөг, түүнээс ч доош  болж буурна” гэж ам бардам хэлж байсан. 

Яг ийм үйлдвэр шинээр барина гэвэл 250-300 сая доллар шаардагдах байсан. Харин тус үйлдвэр 140 сая долларын үнэтэй байсны учир нь хуучин үйлдвэрийн барилга, дэд бүтэц, төмөр зам, цахилгаан, дулаан, шугам сүлжээ нь бэлэн байсантай холбоотой байв.

Нийслэлээс хоосон газар олгоод, дэд бүтцийг нь улсаас шийдээд өгвөл, зургаахан сарын хугацаанд 1000 айлын орон сууц барьж, гэр хорооллын иргэдийг оруулаад тэдний амьдарч байсан газрыг чөлөөлөх замаар бүтээн байгуулалтаа хийгээд явчих боломжтой.

Төр засаг нь бодлогоор дэмжээд газар, дэд бүтцийг нь шийдэж өгөөд хувийн хэвшил нь орон сууцны төсөл хэрэгжүүлэх ёстой байтал манай Засгийн Газар өөрсдөө барилга барихаар болж байгаа бололтой.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол