"ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ КОМПАНИ ХООРОНДЫН МАРГААНААС БОЛЖ БАРИЛГЫН АЖИЛ ЗОГССОН" ГЭВ

Уншсан тоо: 226
Нийтлэгдсэн: 2019 оны 11 сарын 07

Хан-Уул дүүргийн II хороонд байрлах Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл зогсоход хүрсэн талаар 10-р сарын 14-нд  “Фүжи Девелопмент” компанийн удирдлагууд болон иргэд хамтран хэвлэлийн хурал хийж байв.

"Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин төлөвлөх төслийг “Фүжи Холдинг” компани хэрэгжүүлэх болж, 2015 онд батламжаа гардсан. Гэвч барилгаа барих санхүүгийн боломжгүй байсан тул “Фүжи Деволопмент” компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төслийг эхлүүлсэн. Одоогоор 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт зургаан байр барихаас эхний барилга ашиглалтанд орсон бол хоёр дахь нь 90 орчим хувь, гурав дахь 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Нэхмэлийн дээрхи байруудад нийт 256 өрх амьдарч байсан бөгөөд ашиглалтанд орсон эхний байранд 27 өрх орсон бол хоёр дахь барилгад 130 айл оруулахаар төлөвлөсөн" гэж “Фүжи Деволопмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Наранболд мэдээлж байсан юм.

Тэрээр: “Төсөл хэрэгжүүлэх эрх авсан “Фүжи Холдинг” компанид хувьцаа эзэмшигчдийн маргаан үүсч, улмаар “Фүжи холдинг” ББСБ нь татан буугдсан. Тиймээс манай компани тус төслөөс гарах санал тавьсан ч иргэд дахин төлөвлөлтийн төслийг дуусгах хүсэлт ирүүлсэн юм. Гэтэл “Фүжи Холдинг” компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайхан ХЗДХ-ийн сайдыг огцруулах өөрийн хувь хүний тэмцэлдээ манай компанийг хутгалдуулан, “Ц.Нямдоржийн гарын хүмүүс” хэмээн гүтгэлээ. Энэ мэдээлэл үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. “Фүжи Холдинг” компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайханыг ташаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаар шалгуулна" гэж ярьж байлаа.

2019 оны 2-р сард ашиглалтанд орсон эхний ээлжийн энэхүү орон сууцанд хуучин байранд амьдарч байсан 27 өрх орсон юм. Одоогоор хоёр дахь нь блок нь 90 орчим хувь, гурав дахь блок нь 20 хувийн гүйцэтгэлтэй байна.

"Хан-Уул" цогцолбор хотхоны төсөл 2017 оны 5-р сараас эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд үргэлжилж, сургууль, цэцэрлэг бусад нийгмийн дэд бүтэц бүхий 588 айлын орон сууцны хороолол болох төлөвлөгөөтэй.

“Фүжи Девелопмент” компанийн ерөнхий захирал Н.Мөнхбаяр,:

“Дахин төлөвлөлтийн байранд орж буй өрхүүдэд орон сууц өмчлөх эрхийн бичиг буюу ордер гаргахаас эхлээд төсөлтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд энэ компанийн тамга тэмдэг шаардлагатай болдог. Гэтэл “Фүжи Холдинг” компани хувьцаа эзэмшигчийн маргааны улмаас үйл ажиллагаа нь доголдож, төсөл зогсоход хүрсэн. Тиймээс дахин төлөвлөлтийн эрхийг манай компанид шилжүүлж өгөх тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно” гэж  төсөлд хамрагдсан иргэдтэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байсан юм.

Тэгвэл энэхүү төсөл нь хариуцагч "Фүжи Холдинг" ББСБ ХХК болон хөрөнгө оруулагч "Фүжи Девелопмент" ХХК хоорондын маргааны улмаас зогссон байна.

Иймд төслийг цааш үргэлжлүүлэх асуудалд төрийн байгууллагуудыг анхаарахыг хүсэж байгаагаа илэрхийлж дахин төлөвлөх төсөлд хамрагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ.

Нэхмэлийн шарын нэгдүгээр байрны дарга С.Хишигжаргал: "Хоёр компанийн маргаанаас болж өчигдөр барилгын ажил бүрэн зогссон. Оршин суугчид бид одоо хаашаа явах вэ. Бидний ард үр хүүхдүүд маань бий. Анх бид төрд итгэж гурван талт хэлэлцээр хийсэн. Одоо төр иргэнээ хамгаалах ёстой учраас бид төрдөө итгэж энд ирээд байна. Бид өмнө нь гурван ч удаа төслийн үйл ажиллагааг нь тасалдалгүй явуулахад анхаарах хүсэлтийг нийслэлийн захиргаанд өгч байсан. Би одоо 80 нас хүрч байна. Өчигдөр компанийнхантай маргаснаас болж даралт ихсээд хэцүү байна".

Иргэн Б.Янжмаа: "Одоогоор хуучин нэхмэлийн шарын дөрвөн байрны оршин суугчид энэ байрыг ашиглалтанд орохыг хүлээж байна. Бид 90 хувийн гүйцэтгэлтэй яваа барилгын ажлыг нь хурдан дуусгуулж, байрандаа ормоор байна. Энэ хугацаанд тэдгээр айлууд бүгд л түрээсийн байранд амьдарч байгаа шүү дээ".

Иргэн А.Тунгалаг: "Энэ асуудлын хариуцлагыг төрөөс нэхнэ гэж би бодож байна. Төр хамгаална гэсэн найдлага байгаагүй бол бид энэ компанитай гэрээ хийхгүй л байсан. "Фүжи Холдинг" компанийг мөнгөгүй гэдгийг маш эртнээс ярьж, гурван шатны шүүхээр хүртэл явсан. Байраа хүлээж байгаа өрхүүд бүгд гадуур байр, подвал хөлслөн амьдарч байна. Арван нэгдүгээр сарын 1-нд түрээсийнхээ мөнгийг өгөх ёстой байдаг. Барилгын ажил зогссон учраас түрээсийн мөнгө ч олгогдоогүй. Тиймээс түрээслэгчид нь мөнгөө нэхээд биднийг хөөж гаргах дээрээ тулаад байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгч, барилгын ажлыг үргэлжлүүлж өгөхөд туслаач".

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ: "Өнөөдөр яагаад ийм байдал үүсэх болсон нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байгаа ч ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төслүүдээс хамгийн сайн явж байгаа нь энэ. Энэ төсөл үе шатны дагуу л хэрэгжих ёстой бөгөөд иргэд дунд нь ингэж хохирох ёсгүй. Хоёр компанийн хоорондын үл ойлголцлоос болж иргэд хохирох гээд байгаа энэ асуудалд төсөл сонгон шалгаруулалтыг зарласан төрийн байгууллагын хувьд анхаарч шийдвэрлэж өгье".

                                                                                                                                                                                   П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол