"ДЭД БҮТЦИЙН ТӨВ" ТӨСӨЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ БОЛНО

Уншсан тоо: 1129
Нийтлэгдсэн: 2020 оны 01 сарын 29

Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрийн 14 га газарт  хэсэгчилсэн инженерийн хангамж бүхий "Дэд бүтцийн төв" төсөл хэрэгжсэнээр 220 айл инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр бохир усны шугамд холбогджээ.

Төсөлд хамрагдсан бүх айл руу шугам оруулах зардлыг нийслэлээс шийдсэн бол айл өрхийн хувьд, өөрсдөө ванн, душ, суултуур, паар зэргээ авсан байна.

Төслийн хүрээнд гурван төв магистраль шугам, дулаан хангамжийн 83 худаг, бохирын 107 худаг, цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамжийн 4800 метр шугамын ажлуудыг хийсэн бол  107 айл байшингаа дулаалж, 30 орчим айл байшингаа шинэчлэн барьжээ.

Цэвэрлэх байгууламж 1000 хүртэлхи айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд хоногт 520 куб метр бохир усыг цэвэрлэн боловсруулна. 

Цэвэрлэх байгууламжаас гарах 99,9 хувийн цэвэршүүлсэн саарал усаар гэр хороололд жижиг цөөрөм байгуулах аж.

Тухайн орчинд агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа амины орон сууц, хаус барьж ая тухтай амьдрах нөхцөл бүрдсэн талаар иргэд, оршин суугчид ярьж байна.

Чингэлтэй дүүргийн VII хороонд эхний төв ийнхүү ашиглалтанд орсон бол дараагийнх нь Сүхбаатар дүүргийн 18-р хороонд   баригдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цаашид Баянзүрх дүүргийн 23-р хороо буюу Улиастай, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороонд "Дэд бүтцийн төв" барихаар төлөвлөжээ. 

Гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь өмчлөл, эзэмшлийн газраа 2-3 өрөө байраар солихоос илүүтэйгээр тухай орчиндоо инженерийн  шугам сүлжээний хангамжийг авч өөрсдийн амьдрах нөхцөлөө сайжруулан үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байгаа ажээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд гэр хорооллыг 3 бүсэд хуваасан бөгөөд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой хэсгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах, дундын бүсэд  хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээ буюу дэд бүтцийн төв байгуулах, алслагдсан гэр хорооллуудад нар, салхины сэргээгдэх эрчим  хүчний шийдлийг ашиглахаар тусгасан.

2020 он гэхэд, нийслэлд хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд дээрхи жишгийн 50 ширхэг "Дэд бүтцийн төв"  байгуулна гэж төлөвлөсөн ч тооны хувьд биеллээ олох боломжгүй болсон нь тодорхой. 

"Дэд бүтцийн төв" төслийн хүрээнд айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбохоос гадна авто зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, нийгмийн дэд бүтэц, ажлын байрыг нэмэгдүүлэх зэргээр цогц төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх зорилготой.

Тиймээс иргэд шаардлагатай тохиолдолд хашаагаа татах, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зэрэг өөрсдийн зүгээс шалтгаалах ажлуудыг хийж  байж төсөл амжилттай хэрэгжинэ. Түүнчлэн ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуур, ванн гэх мэт зүйлсээ өөрсдөө бэлтгэх үүрэгтэй.  

Засгийн Газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-аар инженерийн дэд бүтцэд холбогдох боломжтой 120 м.кв-аас ихгүй талбай бүхий  амины орон сууцанд ипотекийн зээл олгохоор болсон тул  "Дэд бүтцийн төв" төсөлд хамрагдсан иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барих, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэх, агаар, хөрсний бохирдол буурах зэрэг олон эерэг ер үр дүн гарах юм.

"Дэд бүтцийн төв" төсөл хэрэгжих дундын бүсийн айл өрхүүд  нэгдэн бүлэг болж,  хороо, дүүргээрээ дамжуулах юм уу аль эсвэл шууд Нийслэлийн Орон Сууцны Дэд Бүтцийн Газарт хүргүүлж болно.

                                                                                                                                                                                     П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим