Өрийн сүлжээнд орсон салбарыг анхааралдаа авахыг хүслээ

Уншсан тоо: 536
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 27

Эдийн засгийн өсөлтийн гол үндэс болж байсан уул уурхайн салбар уналтад орж, 2013-2014 оны үеэс бизнесийнхэн барилгын салбар руу хошуурч эхэлсэн. Тэр үед баригдаж эхэлсэн орон сууцнууд сүүлийн 2 жилд ашиглалтанд орж нийлүүлэлт нэмэгдээд байна. 

Гэвч 30 хувийн урьдчилгаа төлөөд зээлийн шалгуур давах иргэдийн тоо ханачихсан учраас ашиглалтанд орсон 15-16 мянган айлын орон сууц одоогийн байдлаар эздээ хүлээсээр..."Дайны хажуугаар дажин" гэгчээр "Урьдчилгаа 10 хувь болно", "Зээлийн хүү 5% руу бууна" гэсэн амлалтууд удаан хугацаанд хүлээлт үүсгэж хувийн хэвшлийнхнийг улам л хүнд байдалд оруулав.

Эдийн засагч Д.Жаргалсайхан "Бидний орон сууцыг төр борлуулаад өгчих байх гэж гэж хүлээсээр барилгын компаниуд банкны өмнө ацан шалаанд оржээ. Нэг хоёр жилийн дотор, зээлтэй барилгуудыг нь банкууд хурааж аваад, үнийг нь 40% бууруулж зарахаас өөр аргагүй" гэж бичсэн байна лээ.

Зах зээл гэдэг хатуудаа хатуу. Гэхдээ төсөл хэрэгжүүлэгчид бүгдээрээ өртгөө хэд нугалсан үнэтэй орон сууц бариагүй. Наад захын жишээ гэхэд хотыг бохирдлоос салгах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах нийгмийн хариуцлагаа биелүүлэхээр захын хороололд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд байна. Ингээд бодохоор Д.Жаргалсайхан гуайн хэлсэн үгийг шууд толгой дохин дэмжихэд хэцүү л юм.

Орон сууцны төсөл олноороо хэрэгжиж эхлэхэд дагаад барилгын материал үйлдвэрлэгчид төдий чинээгээр нэмэгдсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээл авсан барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн борлогдохгүй хашаандаа хураалттай байгаа, борооны дараах мөөг шиг олноороо байгуулагдсан цонх үйлдвэрлэгч компаниуд захиалгагүй болж хаалгаа барихад хүрсэн... гээд дурдаад байвал зөндөө зовлон тоочиход хүрнэ.

Манайх жилдээ 15000 м.кв цонхны хэрэгцээтэй ч цонх үйлдвэрлэгч компанийн тоо 300 хол давсан. Эдгээрийн дунд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, томоохон үйлдвэрлэгчид ч байна. Урд хөршөөс оруулж ирсэн чанар муутай цонхыг  мэргэжлийн бус хүмүүс суурилуулаад өгчихдөг нь ч байна. Энэ мэтчилэн "Зуун ямаанд жаран ухна" гэдэг шиг зах зээлээ тооцоолоогүй жишээ олон.

Гэхдээ бизнес эрхлэгчид зээлээ төлж чадахгүй, хүү нь нэмэгдээд, дээрээс нь татвар, нийгмийн даатгалын өрөнд орчихоод байхад "Зах зээл өөрийнхөө шүүрэн шанагаар шүүж байгаа юм. Хэн чадалтай нь үлдээд нөгөө хэсэг нь аяндаа шахагддаг жамтай" гээд үл тоож арай л болмооргүй...

Арилжааны банкинд зээлтэй компаниудын зүгээс зээлийн хугацааг сунгах талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, шийдүүлэх хүсэлтийг салбарын яамандаа олон удаа тавьж, яам ч бизнес эрхлэгчдээ дэмжих шийдвэр гаргуулахын төлөө ажиллана гэдэг дээр санал нэгджээ.
Нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн шигээ одоо эрэлтийг дэмжих арга зам хайх, 5%-ийн хүүтэй зээлд хамрагдах шинэ суурьшлын бүсийг тодорхой болгох гэхчлэн дорвитойхон ажлууд хийхгүй бол олон мянган хүний амьдралыг  залгуулж байгаа барилгын салбар тун хүнд байдалд байна.
                                                                                                                                                                                                           П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим