5%-д хамрагдах дахин төлөвлөлтийн төслийн эргэн тойронд...

Уншсан тоо: 1136
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 17

5%-ийн хүүтэй зээл олгохоор нэр заасан байршлуудын нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 1000 гаруй айлын орон сууц ашиглалтанд орсны дийлэнхид нь газраа байраар сольсон иргэд орсон бол 400 гаруй айл 8 хувийн хүүтэй зээлээр худалдаж авсан байдаг. Эдгээр өрхүүдийн зээл 5% руу шилжиж эхэлсэн. Энэ оны эхний хагаст дахин 1000 гаруй айлын орон сууц ашиглалтанд орох тооцоо байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээлж байна.  

Гэхдээ орон сууцаа ашиглалтанд оруулсан болон удахгүй оруулах компаниуд нь гарын 10 хуруунд л багтана. 

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн дундаас Баянзүрх дүүрэгт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Баганат Өргөө”, “Гангар Инвест”, “Цагаан Хуаран Консалтинг”, “Зургаан талт” зэрэг компаниуд, Сонгинохайрхан дүүрэгт төсөл хэрэгжүүлж байгаа “Хера Пропертийз”, “Стандарт Проперти”, Сүхбаатар дүүрэгт төсөл хэрэгжүүлж буй “Бэрэн” групп, “Пример Инвестмент” зэрэг компаниудын ажил  сайн үргэлжилж, эхний орон сууцаа ашиглалтанд оруулсан, зарим нь удахгүй ашиглалтанд оруулах гэж байна. 


Саяхан болж өнгөрсөн “Улаанбаатарын хавар” баярын үеэр, сүүлийн жилүүдэд нийслэлд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас есийг нь онцлон авч, иргэдээр дүгнүүлэхэд гэр хорооллын дахин төлөвлөлт 49 хувийн үнэлгээ авчээ.

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 38 компаниас 22 компанийн ажил идэвхитэй, 5-6 компанийн үйл ажиллагаа хүнд, бусдынх нь ажил зураг төслийн шатанд яваа аж. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан цаг хугацааны хувьд харилцан адилгүй учраас зарим компани зураг төслийн шатанд яваа гэсэн үг. Харин эхний ээлжинд буюу 2013 онд батламжаа гардаж авсан компаниудын дунд төслөө хэрэгжүүлж эхлээгүй нь нэлээд байна. “Өндөрбуянт Холдинг” ХХК, “Эрэл” групп зэрэг компаниудын төслийн үйл ажиллагаа хүнд гэх ангилалд орж байгаа бололтой.

Төслөө эхлүүлсэн компаниудаас ч нэлээд нь 2013-2014 онд эхний ээлжийн орон сууцны суурийн ажлаа хийгээд таг чиг болсон. Эдгээрийн тоонд 100 айлд төсөл хэрэгжүүлэгч “Заг” групп, “Асар Өргөө” ХХК, “Монтед” ХХК гэх зэрэг компаниуд багтана.

Дахин төлөвлөлт нь шинэ газар дээр төсөл хэрэгжүүлэхтэй харьцуулахын аргагүй ажил. Тиймээс ч хүндрэл бэрхшээл нэлээд тулгарч байгаа аж.
“Нарантуул зах орчимд төсөл хэрэгжүүлж байгаа “Моннис Урбан Деволепмент” компани барилгын ажлаа үргэлжлүүлэхгүй, иргэдэд түрээсийн мөнгөө өгөхгүй байна” гэх гомдол нэг хэсэг яригдсан. Тухайн компанийн хувьд орон сууцаа 2015 оны 2-р улиралд ашиглалтанд оруулах байсан ч чадаагүй. Шалтгаан нь хөрөнгө оруулалттай холбоотой байсан гэнэ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны эцсийн буудлын зүүн тал орчимд байрлах “Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр” гэгдэж байсан дан цагаан байруудыг буулгаж, орчин үеийн хороолол барихаар ажлаа эхлүүлсэн “Назу Проперти” компани 260 орчим өрхтэй гэрээ байгуулжээ.
Эдгээрээс 40 айлын амьдарч байсан 10 ширхэг хуучин байрыг буулгаж, шинэ орон сууцны ажлаа эхлүүлсэн ч ажлын явц төдийлөн хангалтгүй өдий хүрсэн байна.

“Газраа чөлөөлж өгсөн 40 айлдаа түр амьдрах байрны түрээсийн төлбөрийг сарын 150.000-аар тооцож өгч байсан ч сүүлийн улирлын мөнгийг өгөөгүй” хэмээн оршин суугчдын төлөөлөл Нийтийн Эрхийг Хамгаалах Холбоонд ханджээ.

Энэ мэтээр дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч зарим компанитай холбоотой гомдол мэр сэр гарсан. 

Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 78 хувь дээр нь гэр хороолол байгаа өнөөгийн нөхцөлд дахин төлөвлөлтөөс өөр сонголтгүйг хаа хаанаа ярьдаг. Харин улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадны хөрөнгө оруулагчид эргэлзээнд орсноор төсөл хэрэгжүүлэгч компаниудын ажил жигд явахгүй байгаа тал ажиглагдаж байна.
5%-ийн хүүтэй зээлийг дахин төлөвлөлт рүү чиглүүлж, төсөл хэрэгжүүлэгчдийн орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэх гэж байгаа санаа нь сайхан ч компаниуд орон сууцаа барих хөрөнгө мөнгөгүй болж, гацаанд орон, газраа чөлөөлсөн иргэддээ түрээсийн мөнгөө ч өгч чадахгүйд хүрч эхлэх нь...

                                                                                                                                                                                                             П.Болор

 


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим